Хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлигын гэмт хэргийг сэргээн шалгах хуулийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаа юм. Тиймээс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна.
Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болжээ. Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий. Тухайлбал, 2005 онд нэгдсэн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдээгүй хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан.
Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Хууль зүйн байнгын хороо гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, батлав.