Даатгалд хамрагдаагүй эхчүүдэд шимтгэлээ төлөх эрх үүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-13 15:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оноос эхлэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулан төлөх сарын шимтгэлийн хэмжээ 56.700 төгрөг болж байна. Энэ талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааныгазрын дарга Ц.Ганцэцэг мэдээллээ. Дээрх төлбөр нь доод хэмжээ гэдгийг тодотгож байна. 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор энэ 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 төгрөг болсон. Харин үүнээс дээш дүнгээр шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 онд мөрдөж байсантай ижил 13.5 хувь байна гэв.

Мөн сайн дурын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг энэ оноос эхлэн 100 хувиар тооцон олгохоор боллоо. Үүнийг өмнө нь 70  хувиар тооцдог байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгоно гэв.


Шинээр орж ирж буй нэг заалт бүхий зохицуулалт нь албан журмын даатгал болон мөн сайн дурын даатгалд хамрагддаггүй, өөрөөр хэлбэл даатгалын аливаа харилцаанд ороогүй эхчүүд, 3 нас хүртэл хүүхдээ өөрөө өсгөнө гэвэл шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс төлж байхаар болж байна. 


Түүнчлэн эхчүүд хүүхдээ асрах чөлөөтэй байгаа үед шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүхий эрх үүсэж буйг өнөөдөр мэдээллээ. Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулжээ. Үүнд:

  • Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн  сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг  тэтгэмжийн даатгалын сангаас төлж байхаар (Энд энэ онд 7200 иргэн хамрагдаж, 5.2 тэрбум төгрөг тусгагдаад байна) болж байна.

Шинээр орж ирж буй нэг заалт бүхий зохицуулалт нь албан журмын даатгалд хамрагдаагүй, мөн сайн дурын даатгалд хамрагддаггүй, өөрөөр хэлбэл даатгалын аливаа харилцаанд ороогүй эхчүүд, 3 нас хүртэл хүүхдээ өөрөө өсгөнө гэвэл шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс төлж байхаар болж байна. Үүнд 10 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тавигдаад байгааг мэдээллээ. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эх хамаарах юм. 

Мөн төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил 6 сарыг нэмж тооцож байхаар болж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Связанные новости