Ажлын байранд дагалдан ажиллах загвар бий болгох төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ.
Энэ нь зорилтот
бүлгийн иргэдийн эрэлт, хэрэгцээнд тохируулан, хүн төвтэй арга барилаар,
“хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, хүний эрхэм чанарыг хүндэтгэх зарчмыг
удирдлага болгон, тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх зорилготой. Төслийг хэрэгжүүлснээр зорилтот бүлэгт тохирсон хөдөлмөр
эрхлэлтийн үйлчилгээ, ажлын
байранд дагалдан ажиллах хөтөлбөрийг загварчлан хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх юм. Мөн бизнес, хүний эрхийн зарчимд суурилан, зорилтот бүлгийн онцлогт
тохирсон дагалдан ажиллуулах хөтөлбөрийг бизнесийн байгууллагууд загварчлан
хэрэгжүүлж, улсын хэмжээнд
төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн төвтэй хүргэх аргачлалыг өгөгдлийн
шинжилгээнд суурилан хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах аж.
Төслийн удирдах хорооны анхдугаар хуралд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Л.Мөнхзул, НҮБ-ын Хөгжлийн
Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.