Ойн анги модны суулгац бэлдэж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Сум дундын ойн анги энэ хаврын ойжуулалтад зориулан модны тарьц суулгац бэлдэж эхэлжээ. Урьдчилсан байдлаар 30 гаруй мянган тарьц бэлдэх боломжтой гэж тооцсон байна.
Өнөө хавар “Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөр болон орон нутгийн төсвөөр нийт 15 га- д ойжуулалт хийнэ. Үүнээс гадна сум бүр 2500- аас доошгүй мод тарихыг аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгажээ. Үүнд зориулж Сум дундын ойн анги модны суулгац нийлүүлэх ажээ.
“Суулгацын захиалга түрүүчээсээ ирж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй суулгац бэлдсэн. 7- 8 төрлийн модны суулгацыг 1000-4000 төгрөгөөр нийлүүлнэ” гэж ойн ангийн дарга Ц.Галбадрах хэллээ.
Сумдын тарих мод 40 орчим мянга болох бөгөөд үүний хориод мянга нь говьд дасан зохицож ургаж чадвартай, усалгаа бага шаарддаг хайлаас, сухай байхаар тооцож байгаа тул энэ модны суулгацыг ахиу тоогоор бэлдэнэ гэлээ. Мөн шар хуайс, буйлс, улиас, агч, жигд, тэхийн шээгийн тарьц бэлдэх ажээ.
Өнгөрсөн жил тус ойн анги өөрийн аймгаас гадна Өвөрхангайн Баянгол сум, Говьсүмбэр аймагт модны тарьц нийлүүлсэн байна.
Т. Отгонтуяа