Энэтхэг улсыг тунхагласны 71 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-01-27 12:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсыг тунхагласны 71 жилийн ой, Монгол, Энэтхэг улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн ёслол өнгөрсөн, одоо, ирээдүй сэдвийн хүрээнд УДБЭТ-т энэ сарын 24-нд боллоо.

Ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон дипломат байгууллагын зочид төлөөлөгч, Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд оролцов.

 

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх ёслолыг нээж хэлэхдээ, “Энэтхэг улс нь дэлхийд хамгийн том ардчилалтай, харин Монгол Улс хамгийн залуу ардчилалтай орны нэг бөгөөд бидний уламжлалт найрсаг харилцааны 3 тулгуур чулуу нь ардчилал, шашин буюу дарма, хөгжил юм. Манай хоёр улс өнгөрсөнд оюун санааны өв бүхий гайхамшигтай түүхэн холбоотой, одоо итгэл дүүрэн стратегийн түншлэлтэй, харин гэрэлт ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Өнөөдөр бидний харилцаа хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт өргөжин дэвжин хүрээгээ тэлсээр байна. Мөн орчин үеийн технологи, IT, ICT, хөдөө аж ахуй, эмийн салбарт хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд бид 7-16 насны монгол хүүхдүүдийн уран зургаар үзэсгэлэн гаргалаа. Ойд зориулан хэдэн хэдэн ажил төлөвлөөд байгаагийн нэг нь энэ юм. Цаашид хоёр орны харилцаа илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


“Бидний хувьд Энэтхэг улс маш чухал зах зээл болж байна. Хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа олон салбарт хэрэгжиж байна. Тухайлбал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, сансар судлал, уул уурхайн салбарт Энэтхэг улсаас хөрөнгө оруулалт хийхээр болж байгаа. Ийнхүү цаашид хоёр орны харилцаа илүү өргөжиж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн манай хоёр улсын хувьд оюун санааны, тэр дундаа шашны өвтэй холбоотой түүхэн холбоог талууд цохон тэмдэглэв. Хоёр улсын харилцаа 65 жилийн түүхийн хуудсыг эргүүлж байгаатай холбогдуулан будда бурханы түүхтэй холбоотой 55 ангит цуврал киног үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ.

Стратегийн түншлэлийн харилцаатай болсон хоёр орны тухайд томоохон төсөлд хамтран ажиллаж байна. Тухайлбал, Энэтхэг улсаас 1.2 тэрбум сая ам.долларын Газрын тос боловсруулах үйлдвэр, 20 сая ам. долларын өртөгтэй мэдээлэл технологийн төв байгуулах ажилд хөрөнгө оруулж байгаа юм. Мөн цаашид англи хэлний 1000 багш бэлтгэх, Энэтхэгийн засгийн газраас жил бүр 300 тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.

Энэ үеэр хоёр орны уран бүтээлчид өөрсдийн онцлогийг харуулсан тоглолт толилуулсан юм.


Связанные новости