"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд Чех Улстай ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-06 17:25:07

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талууд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. 


Энэ хүрээнд Чехийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр га талбайд 40 айлын орон сууцны “Чех вилладом” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд барих орон сууц нь чехийн дэвшилтэт технологи, европ стандарт, инновац, ноу-хау шингээсэн сэргээгдэх эрчим хүч, дулаан алдагдлыг бууруулах ухаалаг системтэй, 8-10 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 3500 мод тарьж ургуулах аж.


Төсөл нь хоёр улсын Ерөнхийлөгчийн ярьж тохиролцсон зүйлс ажил хэрэг болж байгаагийн бодит илрэл, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллахад чухал хувь  нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо. Төслийг Чехийн хөрөнгө оруулалттай “ЧМ блью лайнес” компани хэрэгжүүлж байна. Өмнө нь чехийн “Finep” компани Орхон аймагт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан хаагчдын 1000 айлын орон сууц ашиглалтад оруулсан юм.  


Төслийн нээлтэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон албаны бусад хүн оролцлоо.


 

Связанные новости