ОУОХ коронавирусний асуудлаар ДЭМБ-тай хамтран ажиллаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмын бэлтгэл ажил үргэлжилж
байгаа энэ үед шинэ төрлийн коронавирусний асуудлаар Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага /ДЭМБ/
болон бусад холбогдох байгууллагатай
хамтран ажиллаж байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ пүрэв гарагт мэдэгджээ.
“Токио-2020 Олимпын
наадмыг аюулгүй зохион байгуулахад халдварт өвчнүүдийн эсрэг зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн
хамтран ажиллана” гэж ОУОХ-ны
хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Зуны Олимпын наадам эхлэхэд зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг вирус дэгдсэн нь Япон улсын хувьд томоохон асуудал болоод байгаа бөгөөд тус улсад баасан гарагийн байдлаар уг вирусээр халдварласан хүний тоо 14 хүрчээ. Шинэ төрлийн вирусний улмаас 2020 оны Олимп болон Паралимпын наадмыг цуцалж магадгүй гэсэн цуурхал цахим орчинд тархсан боловч Японы Олимпын хороо уг мэдээллийг няцаажээ.
“Бид ОУОХ болон
бусад холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллаж, вирусний эсрэг шаардлагатай
арга хэмжээг авах болно” гэж Токиогийн
Олимпыг зохион байгуулагчид пүрэв гарагт
мэдэгдсэн байна.
Хятад улсын Ухань
хотод дэгдсэн вирусний улмаас олон улсын спортын хэд хэдэн арга хэмжээ
хойшилсон байна. Үүнд Хятадад зохион байгуулахаар төлөвлөж байсан Олимпын эрх авах эмэгтэйчүүдийн
хөл бөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, боксын тэмцээнүүдийг өөр улсад зохион байгуулахаар болжээ.
2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын үеэр шумуулнаас хүнд халдварладаг Зика вирусний улмаас уг наадамд хэд хэдэн алдартай тамирчин оролцоогүй юм.
С.Анужин