Дөрвөн сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тогтоолыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-31 15:13:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганы хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улмаар УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.



Хилийн цэсийн маргаан бүх суманд тулгамдсан асуудал бөгөөд энэ аймгийн төвийн сумдад хамгийн ихээр ажиглагдаж байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Мөн малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн доройтол газар авч байгаа энэ үед сумдын хилийн цэсийн маргааныг эцэслэх шаардлагатайг дурдсан юм.


Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Связанные новости