Зээлтэй ахмадуудад нийт 46 тэрбум төгрөг буцаан олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-04 16:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэтгэвэр барьцаалсан зээлтэй ахмадуудын нэгдүгээр сарын тэтгэврээс суутгасан мөнгийг энэ сар нөхөн олгосон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэв.


УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанид 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй юм.


Засгийн газар, Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагууд хэд хэдэн удаа уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд нэгдүгээр сарын тэтгэврээс зээлд суутгасан нийт 46 тэрбум төгрөгийг энэ сарын тэтгэвэр дээр буцаан олгосон юм. Улмаар хоёрдугаар сараас ахмадууд тэтгэврээ бүрэн авч эхэлсэн. Өнөөдөр тогтоолыг баталсан тохиолдолд тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой Засгийн газраас гаргах шийдвэрүүд бүрэн дуусах бөгөөд Монголбанк, “Эрдэнэс Монгол” компанийн бонд гаргах ажил л үлдэнэ гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ. Тэрбээр, “Одоо жилд нэг удаа 6 сарын тэтгэврийг бага хүүтэй олгох асуудлын Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцэж байгаа. Энэ нэг удаагийн зээлийн хүү зургаан хувь байх боломжтой хэмээн үзэж байгаа” хэмээв.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэхээр Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд тусгасан. Хуульд зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах, зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгохоор заасан юм.


Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Связанные новости