АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын төлөөлөгчид Монгол ахуйтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-25 10:34:55

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо энэ  сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

1996 онд анх зохион байгуулагдаж байсан Парламентын түншлэлийн энэхүү уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойн жилд болж буйгаараа онцлогтой. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус уулзалтад 32 орон, 170 гаруй төлөөлөгчид хуран цугларч өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын үйл ажиллагаанд Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтын оруулсан хувь нэмэр, үүрэг оролцооны талаар дүгнэн хэлэлцэж, ойрын ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон ярилцсан юм.

Ази, Европын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр /2016.04.23/ Монголын уламжлалт наадгай, зан заншил, соёл урлаг, нүүдэлчин ахуйтай танилцав.

Энэ үеэр төлөөлөгчид Үндэсний сур харваа, шагай наадгай, уран бичлэг, эрэмгийн эрчүүдийн морин үзүүлбэр зэргийг үзэж сонирхсон.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн Парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мөн Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болов. 

Энэ үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон бусад уран бүтээлчид уран бүтээлээ толилуулав.

Хүндэтгэлийн тоглолтыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Связанные новости