Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-11 17:51:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсыг сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсон нь цаашид Монгол, Японы стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцолжээ. Тэрбээр Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Элчин сайд Кобаяши Хироюкиг санал ирүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахыг хүслээ. 


Элчин сайд Кобаяши Хироюки хотын Захирагчид талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэжээ. Тэрбээр цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлж экспортыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг онцлоод бизнес эрхлэгчдийг дэмжих харилцан үр ашигтай ажиллах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Тэрбээр, 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байсан туршлагатай.

Связанные новости