Ноос, ноолуур, арьс ширний салбарыг хөгжүүлэхэд Туркменистан улсаас туршлага судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-02 19:36:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг МҮХАҮТ-д өнөөдөр зохион байгууллаа. 


Монгол Улсад болж буй хоёр дахь удаагийн бизнес форум нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэх, шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Туркменистан Улсын Ашхабад хотноо өнгөрсөн онд болсон бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, тээвэр ложистик, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, туршлага солилцсон бол энэ удаагийн уулзалтаар хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг онцолж байна. Ингэхдээ ноос, ноолуур, арьс ширийг хэрхэн үнэд хүргэх вэ гэдэгт хоёр орны бизнес эрхлэгчид туршлага солилцож буй юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай ярихдаа, Туркменистан Улс байгалийн хий, эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилгын материалын экспортын чиглэлээр бүс нутагтаа төдийгүй олон улсад тэргүүлэх байр суурь эзэлж буй, эдийн засгийн өндөр өсөлттэй улс юм. Хоёр улсын дипломат харилцаа 1992 оноос эхэлсэн ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа нь төдийлөн өндөр биш. Энэ улсын эдийн засаг байгалийн хий дээр түшиглэдэг бол манай улсынх уул уурхайгаас хамааралтай байна. Хоёр улс эдийн засгаа хэрхэн төрөлжүүлэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр зорьж буй юм. Тухайлбал, манай улс “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атар 4”, “Шинэ хоршоо”  зэрэг дөрвөн том хөтөлбөрийг 5-10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Тэр дундаа “Цагаан алт” буюу малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах чиглэлээр гадаад орнуудтай түлхүү хамтарч ажиллах нь чухал юм. Туркменстан Улсын ноос, арьс шир, ноолуурын салбар нэлээн хөгжиж байгаа. Бид энэ туршлагаас судалж, хөрөнгө оруулалт татах чиглэлд онцгой анхаарч байна. Түүнчлэн тус улс сүүлийн 10 гаруй жил арьс, шир, ноосны чиглэлээр хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркыг нилээн сайн хөгжүүлсэн. Манайх эмээлт парк, таван аймагт хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн парк болон "Цагаан алт" хөтөлбөртэй хэрхэн уяж,  хөрөнгө оруулалтаа нэмэх тал дээр үр дүн гарна гэж итгэж байна. Хамгийн гол нь хувийн хэвшлийнхэн бодит гэрээ хэлэлцээ хийх асуудал чухал. Туркменистаны сүлжмэлийн салбарын зах зээлийн хэмжээ жилдээ 8-10 сая ам.доллар байдаг. Энэ түвшинд ноосны салбар  болон бусад салбарт ямар хөрөнгө оруулалт татах вэ гэдэгт тодорхой яриа хэлцэл хийхээр төлөвлөж байна" хэмээв.









Связанные новости