"Алсын хараа-2050" баримт бичгийг АН-д хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-13 14:19:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд өнөөдөр хүлээлгэн өгөв. 


Баримт бичгийг боловсруулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд  нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов.


Тэрбээр, "1992 оноос хойш УИХ, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжиж байгаа 517 бодлогын баримт бичгийн эмхэтгэл гэж хэлж болно. Энэ баримт бичгийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангах, монгол хөгжлийн загварыг тодорхойлох үзэл санаанд тулгуурлан бичсэн. Эрдэмтэн судлаачид өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж ирээдүйн 30 жилд илүү хүн рүү чиглэсэн, дундаж давхаргыг дэмжихэд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Зөвхөн уул уурхай биш, уул уурхайн салбараа төрөлжүүлэн хөгжүүлсэн 30 жил байх болно. Үндэсний нэгдэл, үнэт зүйлийг улс төрийн удирдагчдаас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд аль аль талдаа бодолцох цаг болсныг судлаачид ярьж байна. Энэ бодлогын баримт бичгийн хүрээнд болох хэлэлцүүлэгт АН болон АН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцохыг хүсэж байна" хэмээв. 


Баримт бичиг гардан авах үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, "Дэлхийн улс орнууд 2050 оныхоо хөгжлийн бодлогоо тодорхойлж байна. Засгийн газраас эрдэмтэн, судлаачдын оролцоотой ирээдүйн 30 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлж байгаа нь дэвшил. Ардчилсан нам ч өнгөрсөн 30 жилийн ажлаа дүгнэж ардчиллын хоёр дахь 30 жилийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ бодлогын баримт бичиг бидэнд тус дэм болно гэдэгт итгэж байна. Хоёр монгол гэж байхгүй. Тиймээс 2050 оны нэгдмэл бодлого байх ёстой. Монголчууд бүгд нэг үзэл бодол, байр суурьтай байж улс орноо хөгжүүлнэ. Энэхүү бодлогын баримт бичиг монголын ард түмэн хэрэгтэй, чухал зүйл юм" хэмээв. 


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол Улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.

Связанные новости