БНХАУ-д төгсөгчид Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д Төгсөгчдийн нэгдсэн холбоо болон Ухань хотод төгсөгчдийн холбооноос “Мөнхийн хөрш, Энхийн тусламж” аян өрнүүлж Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлалаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өнөөдөр 3000 гаруй төгсөгч, оюутны сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгсөн юм.
1957 оноос хойш 10 мянга гаруй монгол иргэн БНХАУ-д дээд боловсрол эзэмшиж, хоёр орны найрамдлын гүүр болсоор ирснийг БНХАУ-д Төгсөгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Артур тэмдэглэв.
Тэрбээр ”Шинэ коронавирусний халдварт өвчинтэй холбоотой БНХАУ-д үүсээд буй нөхцөл байдалд монголчууд бид санаа зовниж, Хятадын коммунист нам болон Засгийн газрын оновчтой зохион байгуулалтын үр дүнд Хятадын ард түмэн энэхүү цаг үеийн хүндрэлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. 1957 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-ын их, дээд сургуульд суралцан төгсөж, өдгөө улс эх орныхоо бүхий л салбарт ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д төгсөгчид хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болсоор ирсэн билээ. БНХАУ-д шинэ коронавирусний халдвар дэгдсэн гэх мэдээ авсан даруйдаа бид "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. 3000 гаруй төгсөгч, суралцагчид аянд чин сэтгэлээсээ нэгдэж, тусламжийн гараа сунгасныг дуулгахад таатай байна. Залуус бидний халуун сэтгэлээс цугласан 22 сая төгрөгийг Ухань хотын эмнэлэгт Элчин сайдын яамаар дамжуулан хандивлаж байна. БНХАУ-д их сургуульд элсэж, эрдмийн их далайд аялахдаа олон найз нөхөдтэй болж, амьдралын гараагаа эхэлж байсан залуус бид найрсаг хөдөлмөрч Хятадын ард түмэн, найз нөхөдтэйгөө энэхүү хүнд өвчнийг даван туулахад нь хамт байх болно” гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй: “Хятадын ард түмнийг зовох энэ цагт Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс бидэнтэй эв санаа нэгдэн бидэнд бодит тусламж үзүүлсээр байна. Та бүхний найрсаг нөхөрлөлийг манай Элчин сайдын яам цаг тухайд нь Хятадын ард түмэнд мэдээлсээр байгаа. Хятадын цахим орчинд мянга мянган хятад иргэн Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж, сэтгэгдэл үлдээжээ. Өнөөдрийн үйл ажиллагаа цаашид биднийг боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа улам их бэхжүүлэхийг зоригжуулж байна” гэлээ.