Говьсүмбэрт өсвөр үеийнхэнд зориулсан хувь хүний ур чадварын боловсрол олгох төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-02-14 14:12:55

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Японы Нийгмийн сангийн буцалтгүй тусламжаар Дэлхийн банкны менежментийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумын өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл хэрэгжихээр боллоо.

Таван аймгийн 25 суманд  хэрэгжих шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг хүүхэд залуусын оролцоотой боловсруулж, сонгогдсон сумдын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсон талаар албаныхан онцолсон.

Төсөл хэрэгжсэнээр сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй өсвөр насны хүүхэд залуус сурлагын амжилтаа ахиулж хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмших аж.

Төслийн баримт бичигт Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хүүхдийг ивээх сангийн Захиргаа, хүний нөөцийн менежер Х.Дэлгэрзаяа нар гарын үсэг зурав.

Засаг дарга Г.Батсуурь төслийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, уулзалтад оролцогчид төслийг орон нутгийн онцлогт хэрхэн амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх талаар санал солилцсон байна.

Связанные новости