Гэрлэлтийн дундаж нас 26-29 байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байгаа талаар ҮСХ мэдээллээ.
Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2020 оны 2 дугаар сарын 14-ний байдлаар "Валентин" нэртэй гурван хүн байна. 2 дугаар сарын 14-нд 9236 хүн төрсөн бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь ХОСБАЯР аж. Энэ өдөр төрсөн хүмүүсийн 3240 нь гэрлэсэн ба 360 хос нь ижил нэртэй юм байна.
Ташрамд мэдээлэхэд ҮСХ 2 дугаар сарын 17-нд хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийж хүргэх болсныг мэдэгдэж байна. Тодруулбал, тус хорооны албан ёсны цахим хуудас 1212.mn болон facebook-ийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар дамжуулан статистик мэдээллээ ирэх даваа гарагийн 10:00 цагт хүлээн авах боломжтой аж.
Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан ийнхүү статистик мэдээллийг цахимаар хүргэх гэж байна.