Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах чиглэлийг УОК-т өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг 3 дугаар сарын 2-ны даваа гараг хүртэл сунгах чиг үүргийг Улсын онцгой комисст өгөв. Засгийн газраас орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх сарын 2-ны даваа гараг хүртэл сунгах чиглэлийг өгөв гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах талаар УОК-ын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин болон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг өгөөд байгаа юм. Авто замын хязгаарлалтыг сунгах талаар Ерөнхий сайдаас өгсөн чиг үүргийг Улсын Онцгой комисс эцэслэн шийдвэрлэх талаар хуралдаж байна.
С.Амарсайхан: Соёл урлаг, сүм хийд, шашны байгууллагууд болон шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр мөн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр, автомашин, тээврийн хэрэгслийг бүгдийг цахимаар хянаж байна. Мөн хөдөлгөөнийг ч тэр. Тиймээс хяналт тавьж буй цагдаа болон бусад албан хаагчдыг цахим мэдээллээр хангаж байна гэв. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсаны дараа нийслэлийн Онцгой байдлын комисс хуралдаж, Засгийн газраас өгч буй чиг үүргийн талаар шийдвэр гаргах, соёл урлаг, сүм хийд, шашны байгууллагууд болон шөнийн цэнгээнт газруудын үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдэв.
Б.Болд