Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-02 11:48:09

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Монгол Улс Бүгд Найрамдах Туркменистан Улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Төрийн тэргүүн нар нэг жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.


Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо. Өнгөрсөн онд Ашхабад хотноо харилцан тохиролцсон зүйлс эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.


Харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй хамтрахаар тохирч, Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэлээ. Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих механизм бий болгох зорилгоор “Хамтын ажиллагааны Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсныг онцоллоо.


Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох хүрээнд Автотээврийн хамтарсан хороо, мөн Хөдөө аж ахуй болон мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо байгуулсан нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.


Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар болов. Талууд олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, байгаль орчин, ой мод, усны нөөцийг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.


Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орсонд манай улс талархал илэрхийллээ. Цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтрахаар боллоо.




Связанные новости