Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д өнөөдөр айлчлаад эх орондоо ирлээ.
Тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, коронавирусний халдвартай хамтран тэмцэх талаар санал солилцсоноос гадна Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган хонь хандивлаж буйг дуулгасан. Мөн ноён Си Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг зогсоох нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад үүссэн нөхцөл байдлыг үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж, халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолсон.
Улмаар БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв. Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон айлчлалын бүрэлдэхүүнийг эх орондоо ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлана. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явсан юм.