Эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэд түлхүүрээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-03-03 13:38:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд байрных нь түлхүүрийг гардууллаа.

Газраа орон сууцаар сольсон эхний ээлжийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Баянхошуу орчмын 310 гаруй иргэн өнгөрсөн сарын 20-нд орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан юм. Харин  өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах байршил буюу хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 140 гаруй иргэн нэгдэн эзэмшил газраа орон сууцаар ийнхүү сольж байна. Өөрсдийн өмч хөрөнгийг үнэлүүлэн газраа орон сууцаар сольж буй иргэдийн хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь дээрх байршил нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 2013 онд хамрагдсан боловч одоог хүртэл орон сууцанд хамрагдаж чадаагүй байсан юм.

“НОСК” ХК-иас газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхрын орон сууц барих бус чөлөөлсөн талбайд олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих ажлыг НОСК-иас өнгөрсөн оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийж буй ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. 



Связанные новости