Монгол-Оросын хамтарсан инновацын төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-03 16:40:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хамтарсан инновацын төв байгуулна. Энэ талаар Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевийг хүлээн авч уулзах үеэр санал солилцов.

Уулзалтаар Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүд, мөн Үйлдвэр, технологийн паркуудын төлөвлөгөө, ажлын явцыг зочинд танилцуулав. Түүнчлэн Улаанбаатар хотод инновацын салбарыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг солилцож, туршлага судлах санал тавилаа. Мөн тусгай мэргэжилтэн бэлтгэх, гарааны бизнес, ЖДҮ-ийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-ын технологи, инновацын төвүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоох хүсэлтээ илэрхийллээ.


Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев ОХУ-ын Москва, Новосибирск, Владивосток болон Эрхүү хотын томоохон шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологи, инновацын төвийг Улаанбаатар хоттой хамтран ажиллах талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн тэрээр энд нийслэл хотод хэрэгжүүлэх боломжтой “Шинэ диск буюу цахим боловсрол”, “Ухаалаг Улаанбаатар”, “Бага оврын нисэх онгоц” төслийг онцлов.

Талууд хотуудын хооронд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын түншлэлийг нэмэгдүүлж, холбогдох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцав гэж Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.


Связанные новости