Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөлд анхаарал хандуулахыг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн захиргаа Европын Хөрөнгө оруулалтын банктай нийтийн тээврийг шинэчлэхээр ажиллана. Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хөндлөө.
Уулзалтаар мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл, Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Европын нээлттэй өдөрлөг”-ийг Улаанбаатар хот бүх талаар дэмжиж ажиллаж байгааг дурдав. Мөн Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын XII уулзалтаар Элчин сайд нарыг хүлээн авч уулзахаа илэрхийллээ. НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсээс төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ.
Ноён Элчин сайд Траян Лауренцю Христеа, “Европын холбооны Соёлын институтийн нэгдлийн санхүүжилтээр "Ногоонбаатар" олон улсын эко урлагийн наадмыг ирэх 5 дугаар сард зохион байгуулна.
Монгол болон Европын улсуудын уран бүтээлчид зургаан 7 хоног Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай агаарын бохирдлын талаар санал солилцож, олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх зорилгоор хамтарч ажиллана гэв.
Тэрээр, Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл удаашралтай байгаа тул анхаарал хандуулахыг хотын даргаас хүслээ. Орлогод нийцсэн "Ногоон орон сууц" төслийн хувьд Сангийн яамтай гарын үсэг зурсан бөгөөд хоёр 7 хоногийн дараа Европын холбооны Зөвлөлийн хурлаар орж эцэслэгдэнэ. Ингэснээр ТЭЗҮ хийх боломжтой болно. Бид ойрын хугацаанд оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна гэлээ.
Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.