Ч.Улаан: Хүнсний буудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв.
Тэрбээр, “Шинэ төрлийн коронавирус /COVID19/ дэлхий даяар хурдацтай тархаж байгаа энэ үед манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим экспорт, импортын харилцаагаа хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, манай улс өөрсдийн нөөцөөр хүнсний хэрэгцээгээ хангах шаардлага тулгарсан. Энэ нөхцөлд иргэддээ үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, үнийн хөөрөгдөлгүй хангах асуудал Засгийн газрын анхаарлыг татаж байна. Мах, гурилын хувьд, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Харин 100 хувийн импортоор авдаг бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг нэмэх зорилгоор, дээрх нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнийг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлнө” хэмээв.
УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг батлах хүртэл хүнсний бүтээгдэхүүн импортлогчид татвараа төлөхгүй байх аж. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөх хүртэлх хугацааны татварыг нь мөн чөлөөлж байгаа юм.
“Тухайлбал, Монгол Улсын хүн ам жилд 225 мянган тонн гурил хэрэглэдэг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 300 мянган тонн буудай хэрэгтэй. 2019 оны ургацаас гурилын үйлдвэрт 247 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Тиймээс 60 мянган тонн улаан буудайг импортоор авах хэрэгцээ шаардлагатай болно” хэмээн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэмдэглэв.
Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.