Нийтийн тээвэр энэ сарын 17-ныг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-03-10 10:31:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс өнөөдөр өглөө яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа нийслэлийн Онцгой комисс мөн хуралдаж, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх  ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 7.00 цаг хүртэл хориглолоо.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.

Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өгөв. Шаардлагатай тохиолдолд нийслэл дэх өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Энэ үеэр халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүд гаргалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Халдвараас урьдчилан сэргийлэхийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуйн байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай” гэдгийг онцлов. Түүнчлэн иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг уриаллаа.



Связанные новости