Улаан бурхны халдвар Америкийн Мемфис хотод тархжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-28 12:08:42

ВАШИНГТОН. /Sputnik/. Нэгэн цагт вакцинд хамруулсны үр дүнд бараг устгаад байсан улаан бурхан өвчин дахин дэгдэж эхлээд байгаа нь эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ дархлаанд тэр бүр анхаарал тавихгүй байгаатай холбоотой юм.

Өнгөрсөн баасан гарагаас хойш АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотод улаан бурхны халдвар авсан зургаан тохиолдол илэрснийг тус муж улс болон АНУ-ын эрүүл мэндийн албаны хүмүүс шалгаж байна. Улаан бурхан нь арьсаар улаан юм туурах, өндөр халуурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг ноцтой халдварт өвчин юм.  Уг өвчний хамгийн ноцтой үр дагавар нь тархины гэмтэл, тархи нугасны үрэвсэл үүсгэдэгт оршино . Мөн улаан бурхны халдвар авсан дөрвөн хүн тутмын нэг нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог ба 1000 тохиолдол бүрд нэг хүн нас бардаг байна.

Энэ халдвар даамжрах төлөвтэй байна гэж Теннесси муж улсын Эрүүл мэндийн яамны комиссар Жон Дрэйзэнер анхааруулаад, үүнд өртөөд байгаа хүмүүс бидэнд хандаж буйд талархаж байна гэж мэдэгджээ.

Улаан бурхан өвчний улмаас олон хүн нас барж, хөгжлийн бэрхшээлтэй болно гэсэн айдас нэгэн цагт АНУ даяар тархаад байсан боловч 1960-аад оны сүүлчээр гахайн хавдар, улаан бурхан, улаан эсэргэнэ өвчний эсрэг вакциныг гарган авснаар уг халдварын тархалтыг дарж чадсан билээ. 

Гэтэл эдгээр вакцин нь төрөлхийн гажиг, аутизм үүсгэдэг гэсэн айдас 1990-ээд онд газар авчээ. Ийм бодлыг “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч Женни Маккарти анх 1993 онд хүмүүст тарааснаар эцэг эхчүүд вакцинаас зайлсхийх болсон ажээ. Шинжлэх ухааныг үгүйсгэж буй ийм итгэл үнэмшил нь урьд нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, одоо Дональд Трампыг дэмжиж буй Крис Кристи зэрэг улс төр, соёл урлагийн зүтгэлтнүүдийн дунд тархсан байна. Тэрбээр заавал вакцинд хамрагдахыг эсэргүүцдэг гэж мэдэгдэж байжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости