Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-23 11:23:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол орны нийт газар нутгийн 15.8 хувь нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна.


Тухайлбал, Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30 хувь  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхжиж байгаа тул ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.

Мөн том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Связанные новости