Сургууль, цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-наас хэсэгчлэн хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-13 16:10:15

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгийн халаалтыг хэсэгчлэн хаах, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-аас эхлэн хэсэгчилж хаах, хөлдөлт үүсгэхгүй байх, зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлэх, далан шуудуу, суваг сэргээх ажлыг зохион байгуулах, уг ажилд иргэд аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулахаар болсон юм. Аймгийн хэмжээнд энэ долоо хоногийн 5 дахь болон амралтын өдрүүдээр их цэвэрлэгээг зохион байгуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр боллоо. Тэрчлэн, гэр хороололд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулах, байгууллага бүр ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах, “Амны хаалтаа зүүцгээе” аян өрнүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Мөн ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа байнга ариутгаж хэвшихийг анхааруулж байна.

Связанные новости