УВС: Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-02 12:26:48

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ жил Увс аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 6 хувьд нь хүрэлцээтэй, 25 хувьд нь 1-3 дахин хэтэрсэн, 18 хувьд нь 3-5 дахин хэтэрсэн, 51 хувьд нь олон дахин хэтэрсэн нөхцөл байдалтай байна.


Тодруулбал, бэлчээрийн даацыг аймгийн нийт багийн нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл 10 орчим хувьд нь хүрэлцээтэй, харин үлдсэн 90 гаруй хувьд нь даац хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм.


Энэ жил аймгийн хэмжээнд зуншлага тааруу байсан. Нийт нутгийн 70 хувьд нь гандуу, 10 хувьд нь хэвийн, 20 орчим хувьд нь гантай зуссан байна. Мөн нийт нутгаар хур тундас бага, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилснээс ургамлын гарц мууджээ.


Улсын хэмжээнд нийт нутгийн 54 хувьд нь хэвийн, 46 хувьд нь гантай болон гандуу байгаа ажээ. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 16.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 30.7 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 16.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.

 

Связанные новости