ОУИМ Р.Манлай “Практик комбинац” номыг цувралаар гаргаж эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даамын Олон улсын их мастер Р.Манлай дэлхийн 7 удаагийн аварга И.Куперманы шилдэг бүтээл болох “Практик комбинац” хэмээх цуврал номын эхний хоёр дэвтрийг орчуулан гаргажээ.
Дэлхий дахиныг хамарсан коронавирусний халдварын улмаас спортын бүх тэмцээн, уралдаан цуцлагдаад, тамирчид гэр гэртээ бэлтгэл хийж, спортын заал танхим эзгүйрээд байгаа билээ. Харин энэ үеийг үр бүтээлтэй ашиглан, манай даамын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Манлай даам сонирхогчдод ийнхүү хоёр шинэ номоор бэлэг барилаа.
Тус номын талаар сонирхуулахад, 31 болон 32 дугаар буудлаас эцсийн цохилт хийж буй 750 орчим бодлого бүхий тус номонд тоглолтын үеэр тохиолдсон практик жишээнүүд байгаа аж. Зохиогч болон авторуудын нэрийг кириллээр хөрвүүлж, бодлогын шийдийг шалгахад хялбарыг бодолцон арын хуудсанд хариуг нь бичсэн байна. Тус номыг спортын мастер Ц.Алтанхуяг хянан тохиолдуулжээ. Ном тус бүр 8000 төгрөгийн үнэтэй.
Ташрамд дуулгахад, ОУИМ Р.Манлай 2017 онд "Александр Балякин: Шилдэг
10 өрөг", 2018 онд "Гадсан байрлалын цохилтууд", "Сонгомол
байрлалын цохилтууд" номыг тус тус гаргаж даам сонирхогчдод толилуулсан
юм.