Үндэсний сурын багийн УАШТ-д Говь-Алтай, Хэнтийн баг түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-10 15:48:31

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний харваачдын холбооноос 2025 оны эрэгтэй, эмэгтэй багийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Эрэгтэйчүүдийн ангилалд 47, эмэгтэйчүүдэд 36 баг оролцсон энэхүү тэмцээний хэсгийн, хагас шигшээ тоглолтууд Налайх дүүргийн “Бүс нуур” зурхайд болжээ. Харин медалийн төлөөх харваа нийслэлийн төв зурхайд болж аваргуудаа тодруулсан байна.


Багийн эрэгтэйчүүдийн харваанд Говь-Алтай аймгийн “Засагт хан” клуб түрүүлсэн болсон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Хасбуу” баг мөнгө, Баян-Өлгий аймгийн “Өлгийн мэргэчүүд” хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Харин Ховдын “Уулсын мэргэчүүд”, Говь-Алтай аймгийн “Хантайшир” клубын харваачид айрагджээ.


Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймаг “Сэцэн хааны мэргэд” мэргэн байж тэргүүн байрт шалгарсан бол Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубын бүсгүйчүүд дэд аварга болов. Харин Өмнөговийн нэгдүгээр шигшээ баг хүрэл медалийн болзол хангаж, Багануур дүүрэг болон Завхан аймгийн шигшээ айрагдлаа.


Энэхүү тэмцээнд Говь-Алтайгаас таван баг оролцохдоо алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний талаар Говь-Алтай аймгийн харваачдын холбооны тэргүүн Г.Жалцавжий “Алтайн харваачид энэ жил одтой сайхан наадлаа. Энэ нь манай аймгийн харваачдын бэлтгэл ямар өнгөтэй, формтой байгааг харуулж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын 104 жилийн ойгоор Алтай нутгаас минь шинэ цолтон төрөх болтугай” хэмээн ярилаа. 









Связанные новости