Маргаашаас 2 дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллийн эхэнд НОБГ-ын
Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Улсын онцгой
комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар ой хээрийн түймрээс
урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна. Үүний дагуу албан
хаагчид сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг шуурхай ажиллаж
унтраасан. Мөн албан хаагчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн
тулд томоохон гудамж талбайд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, ухуулан сурталчлах
ажиллагааг зохион байгуулж байна. "Амны хаалт зүү" аяны хүрээнд нийслэлийн барилга
байгууламж, орц гарцанд 40 мянган стикер байршуулах ажлыг зохион байгуулсан.
Ирэх зургадугаар сарын 10 хүртэл нийслэлийн 59 аманд 10:00-20:00 цаг хүртэл
хөдөлгөөнт эргүүл хяналт тавьж, ногоон бүст аялж зугаалахгүй байх гал
түймэр тавихгүй байхад анхаарна” гэв.
Нийслэлийн агаарын
бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн
дарга Г.Даваажаргал: “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг
суурилуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт 200 мянган ширхэг угаарын хий
мэдрэгч төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 65
мянган угаарын хий хэмжигч төхөөрөмж Улаанбаатар хотод хилээр дамжиж ирсэн. Маргаашаас эхлэн нийслэлийн
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 14 хороонд угаарын хий хэмжигчийг гурав
хоногт багтаан дотор тараахаар төлөвлөсөн. Угаар хэмжигч
төхөөрөмжийг иргэдийг олноор цуглуулах буюу бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар
тараана” хэмээлээ.
Саун, фитнессийн ажиллах түр журамд санал авч УОК-ийн хуралдаанд танилцуулна
НЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Даваа гараг бүрийн
13:00-14:00 цагт хүргэж буй “Хотын мэдээллийн цаг”-аар Хотын дарга нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй
бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулдаг. Мөн иргэдийн цахимаар
асуусан асуултад хариулдаг уламжлал тогтсон. Та бүхэн Хотын даргатай мэдээллийн цагаар холбогдох боломжтой” гэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр иргэдээс цахимаар асуусан асуултад хариулт өглөө. “Өчигдөр нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын баг хуралдсан. Хуралдаанаар Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу саун, фитнесс, амралтын газрын үйл ажиллагааг ямар журмаар зохицуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанаас хоёр, гурван чиглэл гарсан. Юуны өмнө амралтын газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, амрагчдыг маскаа зүүн гараа тогтмол ариутгадаг байх, өрөөний орны тоогоор иргэдийг хүлээж авах гэх зэрэг шийдэл гарч байгаа. Саун, фитнессийн хувьд түр журам гаргаж байж асуудалд хандахгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна. Түр журам дээр гарсан саналыг нь нэгтгэж, Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулсны дараа тодорхой шийдэл гарна гэж ойлгож болно” гэж Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.