Европт 99 хувийн нарийвчлалтай эсрэг биетийн оношлуурыг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН. /The
Independent/. Шинэ коронавирусээр
халдварласан эсэхийг тогтоох 99 хувийн нарийвчлалтай эсрэг биетийн оношлуурыг Европ
даяар баталжээ.
“Европын орнуудад
ирэх тавдугаар сарын эцэс гэхэд олон сая оношлуурыг нийлүүлэхээр төлөвлөж байна”
гэж “Abbott” компани мэдээлжээ.
Европын Холбооны
аюулгүй байдлын дүрмүүдийн “CE” сертификатыг авсан уг оношлуурыг Их Британи даяарх лабораториудад “COVID-19” халдвар авсан хүмүүст эсрэг биет үүссэн
эсэхийг тогтооход ашиглах боломжтой болжээ.
Редингийн их
сургуулийн эсийн микробиологийн дэд профессор Саймон Кларкийн мэдээлснээр, энэхүү
оношлуурыг бүтээсэн нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүгээр вирус авсан эсэх хийгээд
дархлааны хариу урвал бий болсон эсэхийг тогтооно. Харин дархлаа үүссэн эсэхийг
тогтоохгүй ажээ.
“Эсрэг биет
үүссэнээр дархлаа бий болно гэсэн үг биш. Ийм зүйл болох магадлалтай ч бид
хараахан тогтоогоогүй байна” гэж С.Кларк хэлжээ. Түүний тайлбарласнаар, томуу
үүсгэдэг зарим коронавирусээр халдварласан тохиолдолд богино хугацааны дархлаа
үүсдэг байна. Судлаачдын хувьд коронавирус шинэ судлагдахуун учир үүссэн дархлаа хэр
удаан үргэлжлэхийг тодорхойлоогүй байгаа гэнэ.