МХБХ, Монголын электрон спортын холбоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-06 16:45:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Монголын электрон спортын холбоо /МЭСХ/-той хамтран ажиллах санамж бичиг байгуулав.


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МЭСХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нар оролцож гарын үсэг зурав. Энэ 2 холбоо хамтран өөрсдийн спортын онцлог, давуу талуудыг хоёр талаасаа уялдуулан Монголын спортын салбарт шинэ тэмцээний формат нэвтрүүлэх, дижитал дээр суурилсан арга барилуудыг нэвтрүүлэх, мөн электрон спортоор дамжуулан хөлбөмбөгийн спортыг залуучуудад сурталчилах, хөлбөмбөгийн спортоор дамжуулан электрон спортыг олон нийтэд зөв таниулахад хамтран ажиллах шаардлагатай тогтолцоог хангах юм байна.


Цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санасан олон фанатуудад цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг гурван үе шаттай зохион байгуулах цахим тэмцээн олгох юм. Эхний шатанд МХБХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА сонирхогчдын дунд нээлттэй зохион байгуулагдах юм.


Эцэст нь тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч нь цаашлаад цахим хөлбөмбөгийн ДАШТ-нд өрсөлдөх эрхийн эзэн болох юм байна.



Связанные новости