Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэгчдийг дэмжих төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ядуурлыг бууруулах Японы сан, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас 2017-2021 онд “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192-МОН” төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Улаангом сумаас төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж буй бүлгүүдэд хүнсний ногооны тариалалтад шаардагдах дундын тоног төхөөрөмж болох 153 сая төгрөгийн үнэ бүхий 55 морины хүчин чадалтай трактор, 13 морины хүчин чадалтай 5 ширхэг мотоблокыг иж бүрдлийнх нь хамтаар өнөөдөр хүлээлгэн өглөө.
Улаангом сум хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 260 өрхтэй бөгөөд үүнээс 77 өрх тус төсөлд хамрагдаж 10 бүлэг байгуулан ажиллаж байна. Төслийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын бүлгүүдэд 108 сая 503 мянган төгрөгийн үнэ бүхий 6х20 хэмжээтэй нийлэг хальсан хүлэмж 16 ширхэг, 4х8 хэмжээтэй нийлэг хальсан хүлэмж 33 ширхэгийг олгожээ.
Мөн 154 сая төгрөгийн өртгөөр Гашууны гол
болон Чандманьд 2,7 км цахилгаан татаж 5 ширхэг худаг гаргасан байна. Цаашид
төслийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын бүлгүүдэд 100 м2 өвлийн хүлэмж,
хүнсний ногоо хадгалах 60 тоннын агуулахыг 2020 онд багтаан барьж, хүнсний
ногооны үйлдвэрлэлд шаардлагатай бордоо, агрохимийн бодис болон хамгаалалтын
хувцас зэрэг шаардлагатай техник хэрэгслийг бүлгүүдэд олгохоор төлөвлөсөн
байна.
Уг төсөл хэрэгжсэнээр хоршоо хэлбэрээр ногоочдын бүлгүүд
ажиллах, хамтарсан аж ахуй эрхлэх загвартай болох аж. Тэрчлэн төслийн бүлгүүд
хөдөө аж ахуйн сайжруулсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглаж, өвлийн
хүлэмжид дөрвөн улирлын турш хүнсний ногоо үйлдвэрлэснээр хүнсний ногооны
үйлдвэрлэл 15 хувиар, хүнсний ногооны тариалалтаас олох орлого 30 хувиар тус
тус нэмэгдэж хүнсний ногооны хангамж сайжрах юм байна.