Эрчим хүчний үнийг бууруулах бодлого баримтлан ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрчим хүчний салбар өнгөрсөн онд анх удаа алдагдалгүй ажилласан бөгөөд цаашдаа ашиг олох, түүндээ тулгуурлан хэрэглэгчдэд очиж буй цахилгааны хэрэглээний үнийг бууруулах бодлого баримтлан ажиллана хэмээн Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга С.Отгонбаяр өнөөдөр болсон “Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр хэллээ.
ЭХЗХ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр “Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.
Байнга алдагдалтай байсан эрчим хүчний салбарыг нэгдсэн удирдлагад оруулж, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагыг УИХ-ын шийдвэрээр 2001 онд байгуулсан нь эдүгээ ЭХЗХ юм. Тус байгууллага нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг батлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд салбартаа хөрөнгө оруулалт татаж, өндөр насжилттай цахилгаан станциудад өргөтгөл хийж, Амгалан дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажилласан хэмээн С.Отгонбаяр дарга хурлын нээлтийн үеэр хэлэв.
Тэрбээр, “Алдагдалгүй ажилалаа гээд тайвширч болохгүй. Цаашдаа ашигтай ажиллаж, түүндээ тулгуурлан эрчим хүчний үнийг буулгах хэрэгтэй. ЭХЗХ-ын тарифын бодлого зөвхөн эрчим хүчний үнийг нэмдэг гэсэн тогтсон ойлголтыг халах болно” хэмээв.
УИХ, Засгийн газраас өнгөрсөн онд Эрчим хүчний салбарын хэд хэдэн хуулийг шинэчлэн баталсан. Мөн Дулааны цахилгаан станцын 4, салхин станцын 5, нарны станцын 5, усан станцын 2 төсөл хэрэгжүүлэх болж, концессын гэрээ байгуулж эхэлжээ. Эдгээр төслөөр дамжин Монгол Улсад нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн тооцоолжээ. Тухайлбал, “Шивээ-Овоо” нүүрсний уурхайг түшиглэн 13 мянган мВт-ын дулааны цахилгаан станц барих аж. Ингэснээр дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаас гадан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой болох юм. Жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа Зүүн хойд Азид эрчим хүчний хэрэглээг хангахад Монгол Улс томоохон тоглогч болох боломжтой хэмээн УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулав.
Ч.Ариунболд