АХБ Монгол Улсын ДНБ-ийн өсөлтийн хувь хэмжээг сэргэнэ гэж дүгнэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-25 13:10:59

АХБ –наас гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайланд Монгол Улсын ДНБ-ийн өсөлт өмнөх онтой харьцуулбал оны эхний хагаст 3.0 хувь болж буурсан нь жилийн өсөлтийн таамаглал тооцоотой дүйцсэнийг дурджээ.

 Оюутолгойн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт,  баяжмалын үйлдвэрлэл  өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхийн зэрэгцээ үйлвэрлэлийн салбарын өсөлтийг өндөр хэвээр буюу 12.1 хувьд хадгалахад нөлөөлсөн гэжээ. Мөн АХБ  манай улсын ДНБ-ий 2015 оны өсөлтийн таамаглалыг гантай жилийн ургацын алдагдлаас голлон шалтгаалж 2.3 хувь болгон бууруулсан байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны дунд үеэс эхлэх тул ирэх оны ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээ дахин сэргэж 3 хувьд хүрнэ гэжээ. 2014 оны 7 дугаар сард 14.9 хувьд хүрээд байсан хэрэглээний үнийн индексийг энэ оны 8-р сарын байдлаар аваад үзвэл өмнөх оны үзүүлэлтийн тал нь буюу 6.6 хувьд хүрсэн нь мөнгөний бодлогыг чангатгасны үр дүн гэж дүгнэсэн байна.

Харин  дээрх тайланд БНХАУ болон БНЭУ-ын эдийн засгийн өсөлт сул, томоохон аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт удаашралттай байгаа  нь хөгжиж буй орнуудын 2015 - 2016 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх таамаглалаас доошлуулахад нөлөөлснийг онцолжээ. “Азийн хөгжлийн төлөв” тайланд  бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт 2015 онд 5.8 хувь, 2016 онд 6 хувь буюу 3-р сард таамаглаж байсан жил тус бүрийн 6.3 хувийн өсөлтөөс доогуур байна гэсэн шинэчилсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт татарсан, оны эхний 8 сарын экспорт багассан зэрэг шалтгаанаар өсөлт нь саарч 2015 онд 6.8 хувь буюу өмнө таамагласан 7.2 хувь болон 2014 оны бодит гүйцэтгэл болох 7.3 хувиас доогуур байх тооцоолол гаргажээ.

Манила хотод төвтэй АХБ нь оролцоог хангасан эдийн засгийн өсөлт, байгаль орчинд ээлтэй хөгжил, бүс нутгийн интеграцчиллыг дэмжих замаар Ази, Номхон далайн бүс нутаг дахь ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 1966 онд байгуулагдсан тус банк нийт 67 гишүүнтэй бөгөөд үүний 48 нь  бүс нутгийн улс орнууд юм.

 Б.Заяа

Связанные новости
Комментарии