Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг "Монгол бахархал"-ын танхимд байрлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-01 17:28:13

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  "Чингис хаан" үндэсний музей “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-ын үзмэрүүдээ шинэчлэн дэглэжээ.

 

Энэхүү танхим нь Монголын бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон Дарь эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүдийн дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлын эрэг орчмоос Хубилай хааны усан флотын усан онгоц зэрэг шинэ үзмэрээр баяжуулжээ.

Мөн улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоосон хүмүүсийн эд зүйлсийг  дэглэн байрлуулсан байна. Тухайлбал, “Гиннесийн ном”-д мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал /Сумо бахийн бүс/,  Мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнээс хоёр төрлөөр шалгарч Гиннест бүртгэгдсэн МУГТ Н.Мөнхшүр /цагт багц хөзөр цээжлэх төрөл/, Н.Энхшүр /30 минутад хоёртын тоолол цээжлэх төрөл/ нар насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын цом, бүх насны ангиллын Дэлхийн аваргын цомыг  тус танхимаас харж болох юм.

 

Түүнчлэн Монголын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр, Монголчуудын цэрэг дайны урлаг, Юань улсын Их хаан Хубилайн усан флот, Монголын их амар амгалан (Pax mongolica), дэлхийд данслагдсан Монгол өв, Орхоны хөндийн нүүдэлчдийн түүх, Их эзэн Чингис хааны зарлигаар 1220 онд дэлхийн нийслэл Хархорум хот байгуулсан түүх, дэлхийн бурхан шашин, бичиг үсгийн соёлд Монголчуудын оруулсан хувь нэмэр, Өндөр гэгээн Занабазарын амьдрал уран бүтээл, дэлхийн түгээмэл үнэ цэнтэй Монгол өв соёлын талаарх түүхийг хамгийн ойроос танин мэдэх боломжийг олгожээ. 











Связанные новости