Хөлбөмбөгийн техникийн төвийн шавыг Яармагт тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-08-13 19:09:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Яармагт манай улс өнгөрсөн жил хөлбөмбөгийн олон улсын стандартын шинэ талбайтай болсон бөгөөд уг талбайн дэргэд барих хөлбөмбөгийн mехникийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Барилгыг Монголын Хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилт болон ХХБ-ны дэмжлэгтэйгээр барих юм. МХБХ энэ онд Техникийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлаж "Гранд Авгуш" ХХК тодорч, 770.000 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарчээ.


Барилгын шав тавих ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон МХБХ-ны зөвлөлийн гишүүд, ХХБ-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ТУЗ-ын ажлын албаны дарга Д.Хүрэлбаатар, гүйцэтгэгч “Гранд Авгуш” ХХК-ийн захирал Э.Доржбал, “УБ Спорт менежмент” ХК-ны гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцож тууз хайчиллаа. Мөн ёслолд 2021 онд Япон улсад болох Мастеруудын ДАШТ-нд оролцох ахмадын шигшээ багийн төлөөлөл уригдан оролцлоо.


МХБХ-ны Техникийн төвийн хүлээн авах анхны олон улсын томоохон тэмцээн нь 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах "Ногоон наадам" юм. Энэ утгаараа МХБХ, "Улаанбаатар Спорт менежмент" ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөжүүлэх зорилгоор хоёр байгууллагын ажиллагсад нөхөрсөг тоглолт хийв.

Ийнхүү Монгол Улс дахин нэг олон улсын стандарт бүхий талбайтай барилга байгууламжтай болох эхлэл тавигдаж цаашид томоохон тэмцээн уралдааныг цор ганц МХБХ-ны ногоон талбайд бус Техникийн төвийн талбайд зохион байгуулах боломж бий боллоо.


Связанные новости