БНСУ дахь Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-18 13:22:04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсад айлчлах албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.

Айлчлал энэ сарын 18-20- ныг хүртэл үргэлжлэх бөгөөд БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхах аж.

Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгөх юм байна.

 

Связанные новости