Мэдээллийн технологийн даамлууд ур чадвараа дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-08 14:38:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт мэдээллийн технологийн даамлын сургалт зохион байгууллаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хуулийн дагуу бэлтгэл ажлыг үе шаттай хийж байна.

Тэгвэл энэ удаа Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Ховд аймгийн Сонгуулийн хороо хамтран хэсгийн санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах үүрэг бүхий "Мэдээллийн технологийн даамал"-уудад зориулсан сургалт зохион байгууллаа. 

Сургалтад аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хорооны мэдээллийн технологийн даамал, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 109 хүн оролцсон бөгөөд сонгуулийн автоматжуулсан систем, эрх зүйн орчны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм.

Сургалтын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль явуулах үндсэн зарчим, санал тоолох төхөөрөмжийн ажиллах дараалал, зарим тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, санал хураалтын өдөр болон өгөгдөл дамжуулах туршилтын зааварчилгааны талаар танилцуулжээ. 

Энэхүү сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авсан. Улмаар холбогдох шалгалтад тэнцсэн оролцогчдод гэрчилгээ олгов.   

Связанные новости