ХОВД: Буянт голын хөвөөнд гэр номын сан ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийтийн номын сангаас Буянт голын хөвөөнд зусаж байгаа айл өрх, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулан Гэр номын сангийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Дулааны улиралд Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд жилд дунджаар 1000 гаруй айл өрх зусланд гардаг. Иймээс иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших боломж бүрдүүлэх зорилгоор Буянт голын бага гүүрний дээд талд гурав дахь жилдээ гэр барьж, номын сангийн олон талт үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Зуслангийн бүсэд байгуулсан тус гэр номын сан өдөр бүр 9.00-18.00 цагийн
хооронд ажиллана. Энд олон төрлийн ном, сурах бичиг дэлгэсэн бөгөөд хүүхдийн
сэтгэхүйг хөгжүүлэх тэмцээн, нөлөөллийн үйл ажиллагааг гэр номын
сангаа түшиглэн зохион байгуулахаар төлөвлөжээ.