Тэшүүрийн спортоор амжилт гаргасан ахмад мастеруудад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-10 14:11:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Инсбрук хотноо 2020  нэгдүгээр сарын 10-19-нд болсон Дэлхийн ахмадын өвлийн спортын III наадмаас медальтай ирсэн Монголын мастеруудын биеийн спортын хороо /ММБТСХ/-ны тамирчдыг МҮОХ-ны шинэ удирдлагууд хүндэтгэн хүлээн авч баяр хүргэлээ. 


Монголын тэшүүрийн мастеруудын холбоо /МТМХ/-ны ахмад тамирчид Инсбрукийн тус наадмаас гүйлтийн тэшүүр, шорт трекийн төрөлд уралдаж 7 медалийг эх орондоо авчирсан юм.


Гүйлтийн тэшүүрийн тэмцээнд спортын мастер 78 настай тамирчин Б.Жалбаа 5000 метрийн зайд уралдаж мөнгөн медаль, ОУХМ Л. Алтанцэцэг 5000 м-т мөнгө, 1500 м-т хүрэл медаль тус тус хүртэв. Мөн спортын мастер Р.Сарантуяа 5000 м-т мөнгө, ОУХМ Н.Эрдэнэтуяа 5000 м-т, ОУХМ Б.Базарсад 1500 м-т хүрэл медалийн эзэд болсон юм.


Одоогоос 56 жилийн өмнө Монгол Улсын баг тамирчид анх удаагаа олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Энэ бол “Инсбрук-1964” өвлийн IX олимпын наадам бөгөөд Монгол Улсаас тэшүүр, цанын спортын төрлөөр баг тамирчид хурдаа сорин өрсөлдсөн.


Хүндэтгэл үзүүлсэн энэхүү уулзалтын үеэр “Инсбрук-1964” өвлийн IX олимпын наадамд багийнхаа тугч болж байсан ахмад тэшүүрчин Б.Жалбаатай уулзсан юм.



-Та Инсбрук хотноо 56 жилийн өмнө өвлийн олимпын наадамд Монгол Улсын тугчин болж жагссан түүхтэй. Харин энэ жил Австрийн Инсбрук хотноо болсон ахмадын өвлийн олимпын наадамд дахин тугаа өргөж оролцохдоо мөнгөн медальтай ирсэн билээ. Өнөөдөр та бүхэнд МҮОХ-ноос хүндэтгэл үзүүлж байна, таны сэтгэгдлийг сонсъё?


-Би 2020 онд өөртөө төдийгүй улсдаа сайхан түүх бүтээсэн гэж боддог. Би Монгол Улсын олимпын анхдагчдын нэг гэсэн хүндэтгэлтэй явдаг хүн. Учир нь Монгол Улс 1964 оны өвлийн олимпын наадамд анх удаа тамирчдаа илгээхэд, тэр бүрэлдэхүүнд би 22 настай оролцсон бол 2020 онд Дэлхийн мастеруудын өвлийн олимп Австри улсын Инсбурк хотод болоход 78 настайдаа 56 жилийн дараа оролцсон азтай хүн. Энэ наадмаас мөнгөн медаль хүртэж сайхан үйл явдал болж маш баяртай байдаг. Өнөөдөр МҮОХ маань биднийг хүлээж авч хүндэтгэлээ. Энд ирсэн таван хүн долоон медальтай ирсэн юм. Энэ амжилтыг өндөр үнэлж, олимп, спортын зүтгэлтэн залуус маань биднийг хүлээж авч байгаад туйлын баяртай байна.


Связанные новости