Аймгуудын хөл бөмбөгийн АШТ-д 20 баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-14 10:15:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болно.


Анх удаагаа тус тэмцээнд 20 аймгийн шигшээ баг өрсөлдөх болсон нь хамгийн олон баг оролцож байгаа тохиолдол болж байна. Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний ихэнх тоглолтыг зохион байгуулахаараа онцлогтой юм.



Тэмцээн дээд, нэгдүгээр гэсэн хоёр шатлалаар явуулах бөгөөд дээд шатанд найм, нэгдүгээр шатанд 12 баг өрсөлдөнө. Тодруулбал, дээд шатанд Орхон, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Увс аймгийн шигшээ багууд хүч, ур чадвараа сорино.



Харин нэгдүгээр шатанд Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Баян-Өлгий, Төв, Архангай, Говь-Алтай аймгууд дээд шат руу дэвшиж гарахын төлөө ширүүхэн тэмцэл болох юм байна.



Хөл бөмбөг сонирхогчид 21 аймгийн аварга шалгаруулах энэхүү тэмцээний бүх тоглолтыг mycjoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

Связанные новости