Дугуйчид Төв аймгийн Алтанбулагт хурдаа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дугуйн спортын шилдэг дасгалжуулагч, спортын мастер Н.Нармандах агсны нэрэмжит дугуйн аварга шалгаруулах бөөн гарааны уралдаан Төв аймгийн Алтанбулаг суманд ирэх бямба гараг /2020.09.19/-т болно.
Бямба гарагийн өглөөний 11 цагт Алтанбулаг хаалганаас road bike буюу уралдааны дугуйгаар гараагаа эхлүүлэх тус уралдаанд оролцох тамирчдын насны ангилал, уралдах зайг Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос танилцуулж байна.
1. Элит – Эр 75 км, Эм 50
км
2. Өсвөр үе 13-14 нас 25
км, 15-16, 17-18 нас 50 км.
3. Мастер 30-49, 50-59,
60+нас 50 км.
4. Сонирхогч 19-34,
35+нас 50 км.
5. Өсвөр үе-Эм болон Сонирхогч-Эм
19+нас 25 км.
Нийтдээ 11 насны ангилал байх аж. Нэг багаас оролцох тамирчдын тоог хязгаарлахгүй. Мөн тамирчин хувиараа оролцохыг зөвшөөрөх юм байна. Харин МДХ-ноос зөвшөөрөл аваагүй тамирчид тэмцээнд оролцохгүй.
Элит ангиллын эрэгтэй-2, эмэгтэй-1, Өсвөр үе эрэгтэй-2, нийт 5 тамирчны нийлбэр дүнгээр багийн дүнг гаргана.
Тус тэмцээнийг МДХ-ны Шүүгчдийн
зөвлөл Олон улсын дугуйн холбоо /ОУДХ/-ны дүрмээр шүүн зохион байгуулна хэмээн
МДХ-ноос мэдээллээ.