Улсын төв эмнэлгийн эмч нар Говьсүмбэр аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-09-21 12:27:27

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Ц.Ишдорж, хоёрдугаар Төв эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эмч Ц.Баярхүү, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гавал, толгойн мэс заслын эмч Ц.Эрдэнэ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч П.Энхчимэг нар Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнээс тодруулахад “Шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анхны орон нутгийн албан томилолтоо Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтай танилцахаас эхэлсэн юм.

Мөн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдаж ажлын төлөвлөгөө гаргасан байгаа. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийг “Жишиг” эмнэлэг болгож хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах төлөвлөгөөний дагуу дээрх эмч нар орон нутагт нэг сарын хугацаатай ажиллаж байна.

Учир нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хил дагуух Дундговь, Төв, Дорноговь, Хэнтий  зэрэг аймгийн иргэд ажиллаж хөдөлмөрлөдөг тул тэдэнд эрүүл мэндийн үйлчилээг түргэн шуурхай хүргэх шардлага бий.

Нөгөө талаар улсын төв эмнэлгийн эмч нар ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хоёрдугаарт орон нутгийн эмч нарт ажлын байрны сургалт дадлага хийх, гуравдугаарт цаашид манай эмнэлэгт юу дутагдаж байгаа талаар тодорхой санал дүгнэлт боловсруулах зорилготой.

Эмч нарын ажиллах нөхцөлийг орон нутгийн төсвөөс бүрдүүлж, орон байраар хангаад байна. Цаашид орон нутагт дутагдалтай эмч нарыг солилцоогоор урьж ажиллуулахаас гадна Улсын төв эмнэлгүүдтэй гэрээ байгуулж эмч мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, боловсон хүин бэлтгэх, сургаж чадавхижуулах ажлыг эхэлж, эхний ээлжинд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын хоёр эмчийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт сургаж байгаа.

Хавдар судлалын үндэсний төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг орон нутагт ажиллаж, хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг зохион байгуулж 850 гаруй иргэнийг хамрууллаа. Говьсүмбэр аймгийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгон шинэчилж чадвал ийм жишгээр бусад аймгийн эмнэлгийг шинэчлэн хөгжүүлэх боломжтой гэж” мэдээлэв.

Связанные новости