П.Элбэгсайхан: Гал унтраах ангийн түвшинг сайжруулж, стандартад хүрсэн гал унтраах ангийн барилгатай болгохыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-14 13:11:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга П.Элбэгсайхантай ярилцлаа.


-Энэ өдрийн мэндийг хүргэе. Та уншигчдад  өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. montsame.mn сайтыг уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Аав ээж хоёр маань Сүхбаатар аймгийн гаралтай хүмүүс. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрж, Дорнод аймагт өссөн. 10 дугаар ангиа төгсөөд хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчөөр ажилд орж байлаа. Ард иргэдийнхээ амь насыг аврах гэгээн үйлстэй энэ албандаа 22 дахь жилдээ ажиллаж байна.

-Гал сөнөөгчөөс орлогч дарга хүртэлх хугацаанд таны эрхэлсэн ажил алба, мэргэжлийн тухайд?

-Би Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчөөр зургаан жил ажиллаж байгаад Цагдаагийн академийн Онцгой байдлын албаны сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд Дорнод аймагт ирж, Онцгой байдлын хэлтсийн салааны захирагчаар томилогдсон. Жил гаруйн хугацаанд ажилласны дараа ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид Галын аюулгүй байдлын инженер мэргэжлээр суралцан төгссөн. Сургуулиа 2011 онд төгсөж ирснээсээ хойш Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр мэргэжлээрээ 9 жил ажилласан байна. 2018 оноос ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Орлогч даргаар томилогдон ирээд байна. 

-Таны мэргэжлийн онцлог юу вэ? Байгууллагууд болон иргэдийн хувьд гэр орон, албан өрөө тасалгаануудын галын аюулгүйн байдал хэр хангагдсан байдаг вэ?

-Миний ажил мэргэжил ард иргэдийн амь нас эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, ААНБ-ын галын аюулгүй байдлыг хангуулах, шатлагын бүтээгдэхүүн, гал түймэр үүсвэрлэн гарах нөхцөлийг таслан зогсооход чиглэгддэг онцлогтой. Би 2019 онд мэргэшсэн инженер хамгаалсан. Гал, усны аюул хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндтэй холбоотой учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, их хариуцлагатай хандах ёстой гэж боддог. Аж ахуйн нэгжүүдээр хугацаат хяналт шалгалт хийхдээ бид шалгаад зааварчилгаа өгөөд явдаг. Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бид айл өрхөөр явдаг ч танай галын аюулгүй байдлыг үзээд танд зааварчилгаа өгье гэхэд тухайн айл үгүй гэвэл гаднаас нь санамж бичгээ өгөөд явдаг. Тухайн айл зөвшөөрөөд орвол яндан, зуухны галын аюулгүй байдал хэрхэн хангагдсан, үнс нурмаа яаж хаяж байна, цахилгааны холболтууд ямар байна, хэр зэрэг ачаалал үүсэхээр байна гэдгийг хараад зааварчилгаа өгдөг. Айл өрхийн эзний тухайн байдлаас болоод бүх айлд хүрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл хувь хүний өмч рүү халдах эрхгүй учраас айл өрх бүрд хүрч ажиллах боломж хязгаарлагдмал байна.

Сүүлийн үед барилга, байшингийн дулаалгын материалууд галын аюулгүй байдалд нөлөөлж байна. ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнд дулаалгын болон барилгын материалуудын хийц дээр дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг тухайн борлуулж байгаа байгууллага, хүнээс асуугаад барилгын материалаа шаталтын хэддүгээр зэрэгт хамааралтай вэ гэдгийг хараад, нягтлаад авах боломжтой. Гэвч хувь хүмүүс аль болох хямд материал авах сонирхолтой байдаг. Тэр нь галын аюулгүй байдал хангаагүй хурдан авалцан шатах бололцоотой байдаг.

-Манай улсын болоод аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, алба хаагчдын ур чадварын тухайд?

-Манай улсын онцгой байдлын албаны хүн хүч, хүчин чадлыг гадны улсуудтай харьцуулбал 30-40 хувьтай байдаг. Дэлхийн улс орнуудын хэмжээнд хүрэх болоогүй байгаа. Бидэнд сайжруулах зүйл их байна. Дотоод хяналт аюулгүй байдлын газарт ажиллаж байх үед бүх аймагт шалгалтаар явж байсан учраас албаныхаа нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд мэддэг болсон. Манай Хэнтий аймгийн Онцгой байдлын газар улсдаа ажлаараа дээгүүр ордог. Машин техник сайтай, хүн хүчний ур чадвар сайн, хүрэлцэн очих, ажиллах чадвар сайнд тооцогддог.

-Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт томилогдон ирснээсээ хойш таны анхаарч, шийдэхийг хүссэн ямар ажил байна вэ?

-Манай ажлын байр, депо 1992 онд баригдсан. Хуучнаар ЦЕГ-ын харьяа Гал унтраах ангийн барилгын бүтэц, зохион байгуулалттай байр барьснаас хойш өнөөг хүртэл хүний тоо нэмэгдэж, байгууллагын ажил өргөжөөд байгаа хэдий ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гуравдугаар давхрыг аж ахуйн аргаар өөрсдөө барьсан учраас дулаан алдагдал ихтэй, нэг өрөөнд олуулаа суудаг, дулааны болон инженерийн шугам сүлжээ муудсан гээд олон асуудал байгаа учраас барилгаа сайжруулахад анхаарч байна. Манай 24 цагаар ажилладаг алба хаагчид маань 2 дугаар давхарт галын деподоо ойрхон байрлаж, шөнө орой дуудлага ирэхэд шууд доошоогоо буугаад машиндаа суугаад гарах ёстой байдаг. Гэтэл одоогийн байдлаар тусдаа байшинд байрлаж, дуудлага ирэхэд тэр байрнаасаа гүйж гарч ирээд машины гарааш руугаа гүйж ороод гарах гээд хугацаа алдах эрсдэлтэй байдаг. Гал түймэр бол аль болох бага хугацаа зарцуулж очин төдийчинээ хурдан унтраах, хүний амь нас эд хөрөнгийг аврах боломж бий болгодог. Тиймээс гал унтраах ангийн түвшинг сайжруулж, стандартад хүрсэн гал унтраах ангийн барилгатай болгох талаар аймгийн Засаг даргад хэлж санал оруулсан. Цаашлаад холбогдох шатны удирдлага, байгууллагуудад ч мөн санал хүсэлтээ уламжилж, ажил хэрэг болгохыг зорьж байна.

-Хот суурин газрыг орон нутагтай харьцуулбал онцгой байдлын алба хаагчдын хувьд ажлын орчин, нөхцөл байдал юугаараа өөр байдаг вэ?

-Улаанбаатар хот бол төв суурин газар, объект ихтэй, объектууд маань эрсдэл их дагуулдаг. Ялангуяа сүүлийн үед барилгын хийц бүтэц, тоног төхөөрөмжүүд хорт утаа ялгаруулах чанар ихтэй шатах материалуудтай болсон. Тиймээс энэ чиглэлд голчлон анхаарч, шалгадаг. Орон нутагт бол гамшиг осол үүсэх эрсдэл их байдаг. Ялангуяа алслагдмал газар аюул гамшиг, осол үүсэх нөхцөл байдал бий болдог. Манай аймагт гэхэд урд талын сум руу 200 гаруй км, хойшоогоо 300 км орчим алслагдмал орон зай, уул ус, ой шугуй ихтэй учраас гамшиг осол үүсэхэд хүндрэл ихтэй байдаг.

-Энэ зун аймгийн төвд үер бууж, маш их хэмжээний хохирол амслаа. Цаашид үер усны гамшигт өртөхгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Хэнтий аймгийн төвийн хэсэгт үер буусан. Усыг хотоос зайлуулах далан шуудуу байхгүй, засмал зам тавихдаа ус гаргах хоолой хийгээгүйтэй холбоотой. Ус зайлуулах хоолой байхгүйгээс засмал замууд усны далан болчихоод ус урсаж гарч чадахгүй байна. Улаанбаатар хот, бусад аймаг ч сүүлийн үед зам тавихдаа үүнийг анхаараагүй орхигдуулсан учраас энэ асуудал улсын хэмжээнд яригдаж байна. Хэнтий аймаг тэгш гадаргуутай учраас ус урсаад явах боломжгүй. Тиймээс том далан шуудуу хийж, ус зайлуулах суваг гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжээд нисэхийн зүүн урдаас далан барих ажил эхэлж байгаа юм билээ. Тэгэхээр ирэх жилд энэ сайхан бүтээн байгуулалтыг хийгээд, үер усны гамшгийн асуудал буурах байх гэж бодож байна.

-Онцгой байдлын албаныхны өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар албан даалгаврын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бороо хур сайтай байгаа учраас газар тариалан, хадлан бэлтгэх ажил сайн хийгээд авчихвал ерөнхийдөө малчид маань гайгүй. Тариалалтын талбайг манай улсын нөөцийн салбарын аграномич н.Түмэнхүү шалгаад ирлээ. Шалгалтын явцад тариалалт сайн гэсэн дүгнэлттэй ирсэн. Манай байгууллагын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай, машин техник багаж зэвсэглэмж хувь хүний бэлтгэлжилтийг бүрэн хангаад байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Связанные новости