Юүки Нагасато: Эх орныхоо төлөө тэмцэх их сэтгэлээр бид дэлхийн аварга болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зайсан Хилл цогцолборын Prime Cineplex нэгдүгээр танхимд даваа гарагт зохион байгуулсан “Охид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн замнал” олон улсын цахим уулзалтыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон дэд ерөнхийлөгч Х.Азжаргал нар нээсэн юм.
А.Ганбаатар "Энэ танхимд хуран цугласан хүмүүсийг маш товчхон тодорхойлоход та бүхэн бол Монголын эмэгтэй хөлбөмбөгийн цөм нь гэж болно" хэмээн онцолсон юм.
МХБХ-ны анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Х.Азжаргал: "Монголдоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлцгээе” гэсэн уриалгаар энэ цахим уулзалтыг эхлүүлж, сурсан мэдсэнээ энэ танхимаас гараад хэрэгжүүлцгээе" гэлээ.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий алтан цомыг өргөсөн, Европ, Америк тивд тоглож явсан, эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн тоглодог Юүки Нагасато "Охид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн замнал" цахим уулзалтад өөрийн илтгэлээ танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Японы эмэгтэйчүүд ДАШТ-д түрүүлсэн талаар асуухад "ДАШТ-ий өмнө манай улсад их хүчтэй газар хөдлөлт, цунами болсон учраас эх орныхоо төлөө тэмцэх сэтгэл их байсан болохоор бид ялсан. Дэлхийн аваргын цомыг өргөх манай багийнханд үнэхээр гайхалтай байсныг эргэн дурсахад сайхан байна. Харин хөлбөмбөг тоглогч тамирчны хувьд ДАШТ-ий эхний тоглолтод гоол оруулсан нь миний сэтгэл зүрхийг догдлуулсан үгээр хэлэх аргагүй сайхан мэдрэмж байсан" хэмээн ярьсан юм.
Тэрбээр, охид эмэгтэйчүүд хүнд нөхцөл
байдалтай байсан ч хүсэл тэмүүллийнхээ төлөө өөрийгөө үе шаттайгаар хөгжүүлж,
хаана хүрэх зорилгоо тодорхойлж чадвал чадахгүй зүйл
гэж үгүй болохыг өөрийн улсаас Барселона клубт тоглодог тоглогчийн амьдрал, тэмцлийн жишээг
иш татан ярьсан юм. Мөн тоглогчийн карьер дууссан ч хөлбөмбөг
дэх замналаа дасгалжуулагч, хөл бөмбөгийн зүтгэлтний хувиар үргэлжлүүлж болно
гэдгийг уулзалтад оролцогч охид эмэгтэйчүүдэд
зөвлөв.
Ташрамд сонирхуулахад, Японы хөлбөмбөгч Юүки Нагасато
эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин юм. Тэрбээр
Америкийн “Red Stars” клубт 2017 онд элссэн бөгөөд
Канагава
мужийн “Hayabusa Eleven” клубт 2020 оны есдүгээр сард элссэн байна.
Нагасато:
“Би нас ахих тусам илүү сайн тоглодог болж байгаа. Өөрийгөө ийнхүү сорих гэж
байгаадаа баяртай байна” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Тэрбээр
эрчүүдийн эсрэг тоглох хүсэлтэй байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн юм байна.
Японы шигшээ багийн довтлогч байсан Нагасато эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн багт
идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг харуулахыг хүсэж байгаа гэдгээ мөн онцолжээ.
Өдгөө 33 настай Юүки Нагасато 2011 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч байжээ. Түүний ах Гэнки Нагасато нь Канагава лигийн хоёрдугаар тойрогт “Hayabusa” клубт тоглож байгаа.