“Монголын оюутны спортын V наадам” 10 төрлөөр аваргуудаа шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-14 14:52:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, БТСУХ болон Монголын оюутны спортын холбоотой хамтран “Монголын оюутны спортын V наадам” спортын 10 төрлөөр  2 үе шаттай зохион байгуулж байна.

 

Энэхүү наадмын анхан шатны тэмцээнүүд 2020 оны 9 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ. Хөдөө орон нутгийн Их дээд сургууль, коллеж /ИДСК/-ийн “Оюутны спортын наадам”-ыг Архангай аймагт зохион байгуулна.

 

Харин анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын дунд шигшээ наадмыг 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 12 дугаар 10 хүртэл зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулах юм. Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслол ирэх сарын 2-нд болох бол хаалтын болон шагнал гардуулах ёслол 2020 оны 12 дугаар сарын 10-нд Спортын төв ордонд тус тус болно.


 

Тус наадам оюутан залуучуудыг биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнд өргөнөөр оролцуулах, спортод хандах идэвх хандлагыг өрнүүлэх, бие даан спортоор хичээллэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх болон шилдэг тамирчдын тодруулахад чиглэгдэж байгаа юм.  

 

Энэ наадмын үеэр ИДСК-ийн спортын эрдэм шинжилгээний бага хурлыг оюутны спортын сэдвээр явуулж, сургууль бүрээс 1 оюутан, 1 багш оролцох юм.  

 

COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс болон нийслэлийн онцгой комиссын зөвлөмжийг баримтлан “Монголын оюутны спортын V наадам”-ын анхан шатны болон шигшээ тэмцээнийг зохион байгуулна.

 

Тэмцээний заал, танхимыг хуваарийн дагуу ариутгаж, халдваргүйжилт хийж, гар ариутгагч тогтмол хэрэглэнэ. Мөн зохион байгуулагч, шүүгчид тамирчдын болон үзэгчдийн халууныг өдөр бүр хэмжиж байх аж. Бүх хүнийг масктай спортын зааланд оруулах юм байна. Харин тамирчид тоглолтын үед маск хэрэглэхгүй. Үзэгчдийн хоорондын зайг 1,5-2 метр байх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн спортын наадмыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ. 

Связанные новости