Японы Яйзү хотын даргатай цахим уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-26 17:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Японы Яйзү хотын дарга Хиромичи Наканотой өнөөдөр цахим уулзалт хийжээ.


Уулзалтаар талууд 2021 онд болох Токиогийн зуны олимп, паралимпын  наадамд оролцох Монголын баг тамирчдыг хүлээн авахад шаардагдах зохицуулалтын асуудлыг ярилцсан байна. Уулзалтын үеэр Япон Улсын Засгийн газар олимпод оролцох тамирчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шаардлагатай шинжилгээ, эрүүл мэндийн үзлэг зэргийг өндөр түвшинд зохион байгуулна гэж мэдэгдэж байгааг онцолжээ.



Ц.Шаравжамц хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн ажлыг  өндрөөр үнэлж, 2020 оны эхний улиралд буюу пара хөнгөн атлетикийн тамирчдыг цар тахлын үед бэлтгэл сургуулилтыг нь өндөр түвшинд зохион байгуулж, эрүүл аюулгүй орчинд 3 сарын турш бүхий л зардлыг хариуцан ажилласан явдалд БТСУХ болон Монголын баг тамирчдын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Хоёр тал цаашдаа олимпын наадмын өмнөх бэлтгэлийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр боллоо.


Ташрамд дуулгахад, БТСУХ-ны “Токио-2020” хөтөлбөр, Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотуудад Монголын олимпын баг тамирчдын бэлтгэлийг хангах хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд 2015 оноос хойш бокс, чөлөөт бөх, жүдо бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг Япон улсад жил бүр тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монголын баг тамирчдын амжилт өссөн төдийгүй Япон орны ёс заншил, соёлтой манай тамирчид танилцаж, Японы хотуудад Монголын тамирчдыг болон монгол ёс заншил, соёлыг сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

Связанные новости