Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-29 09:20:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам 5 дахь өдрөө үргэлжилж байна.


Манай тамирчдаас усан спортын олон улсын хэмжээний мастер Э.Эрхэс 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд өчигдөр мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтаар Азийн залуучуудын наадмын медалийн буухиаг үргэлжүүллээ. 50 метрийн араар даллах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд тамирчин Э.Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундын амжилтаар мөнгөн медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулав. Ингэснээр тэрбээр Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын багийн тав дахь медалийг авчирлаа.


Энэ төрөлд Сингапурын тамирчин Чан Тэдд 25.79 секунд үзүүлэлтээр тэргүүлж, Азийн олимпын зөвлөлийн Залуучуудын наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон бол хүрэл медалийг Тайванийн Чанг Кай-юүэ 26.17 секундын амжилтаар авлаа.


200 м мэлхий сэлэлтийн финалын шатанд шалгарсан спортын мастер Э.Энхмэнд 2:23.63 үзүүлэлтээр шилдэг наймд багтжээ. 

Связанные новости